ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН ЭРХМҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН ЭРХМҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Энэхүү арга хэмжээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
зөвлөлийн гишүүд, хурлын хорооны дарга нар болон холбогдох бусад албан
тушаалтнууд оролцов.

ИТХ-ын дарга П.Өлзийнаран хэлсэн үгэндээ “1992 оны
ардчилсан Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын
50 гаруй гишүүн 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Үндсэн хуулиар хүмүүнлэг,
иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр тунхаглаж, нутгийн өөрөө
удирдах ёсыг анх удаа баталгаажуулсан. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад
Та бүхэн оюун ухаан, мэдлэг туршлага, зүрх сэтгэлээ зориулж, үеийн үед үр
хойчдоо бахархал болон хүндлэгдэж ирсэн билээ” хэмээн онцлов.

Мөн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлсэн үгэндээ
“Баянгол дүүрэгт 2024 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн 251 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар 108 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Энэ онд дүүргийн
төсвийн 23.2 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, боловсролын салбар, орчны тохижилт,
явган зам, гэр хороолол, нийтийн зориулалттай орон сууцны фасад зэрэгт
зарцуулна” гэлээ.

Түүнчлэн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Баянгол дүүргийн
түүхт 60 жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн арга хэмжээ, иргэдийн амьдрах
орчныг сайжруулахаас эхлээд салбар бүрт өрнүүлэх томоохон бүтээн байгуулалтууд
болон тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгч, ахмадуудынхаа саналыг сонсов.

Хүрэлцэн ирсэн АИХ-ын депутатууд, Улсын бага хурлын
гишүүдийг төлөөлж Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, ШУТИС-ийн
менежментийн сургуулийн багш доктор, Монгол Улсын гавьяат багш Х.Пүрэвдагва нар
үг хэлж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхээс хуваалцсан.

Ийнхүү ахмадын сургаалыг сонсож халуун дотно яриа
өрнүүлсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.